Saturday, July 20, 2013

Асасэкирюү, Сэйро нар есөн даваатай явна

Мэргэжлийн сумогийн Нагоя башё "Aichi Prefectural Gymnasium" ордонд өндөрлөхөд нэг хоног үлдлээ. Өнөөдөр жюүрёо башёд түрүүлэх болзлоо хангасан Эндо ээлжит даваагаа авснаар 13 даваа, нэг унаатайгаар тэргүүлж байна. Түүний араас Асасэкирюү Б.Дашням тэргүүтэй зургаан бөх есөн даваатай удаалж байна.

Жюүрёод барилдаж буй манай бөхчүүдийн хувьд Асасэкирюү Б.Дашням, Сэйро А.Өнөболд нар есөн даваа, таван унаатай, кагамио Б.Нанжид 6-8, Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар 6-8, Ониараши Ө.Өлзийжаргал 5-9 гэсэн амжилттай явна.

Харин өчигдөр Монголын 10 дахь цолтой бөх, Миягино дэвжээний Рюүо Ноборү хэмээх Эрхэм-Очирын Санчирболд зодог тайлсанаа зарласан.

Маэгаширагийн найм хүртэл дэвшиж явсан Рюүо хүзүүндээ хүнд гэмтэл авснаас хойш бэртэл нь бүрэн эдгэхгүй байсаар зодог тайлахаас өөр аргагүй болсон байна.

Өчигдөр тэрбээр фэйсбүүк хуудсаараа дамжуулж, ойр дотны болон үзэгч түмэндээ хандаж баярласанаа илэрхийлсэн юм. Мөн энэ өдөр 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал сумогийн башёд 26 дахь түрүүгээ авсан нь түүнийг үдэхэд том бэлэг болж буйг илэрхийлээд, түүнтэй авахуулсан зургаа нийтэлсэн байна.

Ч.БОЛ

0 comments:

Post a Comment