
-Куба улс руу яваад ирсэн юм байна. Явсан ажил бүтэмжтэй юү?
-Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Спортын бэлтгэлийн төвийн захирал Б.Наранбаатарын санаачилгаар Куба улсад очоод ирлээ. Явсан ажил маань 100 хувь бүтсэн учраас сэтгэл хангалуун байна. Монгол, Куба улсын хооронд эртний сайхан найрсаг харилцаа байдаг. Социализмийн үед спортын салбарт тууштай хамтарч ажилласаар ирсэн. Үүнийг нь бид дахин сэргээлээ. Монголын аваргууд ирж байна гээд Кубын улсын спортын сайд болон удирдлагууд нь их сайхан хүлээж авлаа.
-Яг ямар ажил бүтээгээд ирэв?
-Бидний гол зорилго Кубаас дасгалжуулагч, мэргэжилтэн авах, тус улсын чөлөөт бөх, бокс, жүдогийнхонтой хамтарч ажиллахад оршиж байсан юм. Энэ дагуу эхний ээлжид боксчид маань Кубын шигшээ багтай хамтрахаар боллоо. Тодруулбал, долдугаар сарын 1-нээс эхлээд дөрвөн сарын хугацаатай Кубаас мэргэжилтэн ирж манай боксчидтой ажиллана. 2016 оны олимп Бразилд болох учраас бид ирэх жилүүдэд Кубаруу илүү хандах төлөвлөгөөтэй байгаа. Хамтарсан бэлтгэл хийхээс гадна дасгалжуулагч солилцохоор болсон. Хамгийн гол нь тэд бидний саналыг уриалгахан хүлээж авсанд баярлаж байна. Куба, Бразил улсын хооронд ямар нэгэн цагийн зөрүү байдаггүй. Тиймээс бэлтгэлээ тэнд хийвэл Лондонд үзүүлсэн амжилтаа бататгах боломжтой гэж үзсэн. Мөн Венесуэл, Бразил улстай ч хамтрах бодолтой байгаа. Зөвхөн бокс биш чөлөөт бөх, жүдо ч ялгаагүй. Ямар ч байсан явсан ажлын маань үр дүн долдугаар сараас гарч эхэлнэ.
-Кубад очингоо тамирчдаа бас эргээд ирсэн. Хамтарсан бэлтгэлд оролцсон тамирчид хэр байна вэ?
-Боксын нэгдүгээр шигшээ багийнхан Молдавт анх удаа олон орны хамтарсан бэлтгэлд оролцсон. Бэлтгэлд нь зургаан орны тамирчид оролцсон юм билээ. Бидний харснаар бол бэлтгэл тун өгөөжтэй болсон юм шиг санагдсан. Тамирчид маань өнгөлөг байсан шүү. Одоо тэд Кубад эхний тэмцээндээ оролцож байна. 25 орны боксчид оролцож байгаа юм билээ. Хэр сайн бэлтгэл хийсэн нь одоо л харагдана даа. Нэгдүгээр шигшээ багийнхан маань ирсэнийхээ дараа оюутны "Универсиад"-д оролцох ёстой.
-Тэгвэл удахгүй Йорданд Азийн аварга шалгаруулах тэмцээн болно шүү дээ. Тэр тэмцээнд ямар тамирчдаа илгээх юм бэ?
-Хоёрдугаар шигшээ багийнхан оролцоно. Тэд одоо нэгдсэн бэлтгэлд гарсан байгаа. Гэхдээ 52, 56, 64 кг-ын жинд өрсөлдөх тамирчдын дунд сорил хийх юм. Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ маань сорилд оролцоно. Түүний өрсөлдөгч нь Б.Чинзориг. Яагаад гэвэл У.Мөнх-Эрдэнэ гавьяат улсын аваргаар Б.Чинзоригт ялагдсан. Тиймээс энэ сорилд хэн ялсан нь тивийн аваргад өрсөлдөнө. Мөн 56 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Идэрхүү, Н.Даваадалайтай сорил өгнө.
-Сорил нээлттэй юү, хаалттай юу?
-Нээлттэй. Тэмцээн яаж болдог яг л тэр журмаар болно. Удахгүй сорилын товыг албан ёсоор зарлана. Эцэст нь хэлэхэд, манай холбооныхон 2016 он хүртэл нэлээд эрч хүчтэй ажиллах бодолтой байгаа. Бид залуу хүн учраас арай шинэлэг маягаар ажиллахыг хүсч байна.
Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

0 comments:
Post a Comment