
"Евро-88"-ын өмнө 23 настай ван Бастенийг супер од байсан гэвэл эндүүрэл. Тэр хэдийгээр Италийн "Милан"-д нэг улирлыг өнгөрүүлээд байсан ч зөвхөн ирээдүйтэй сайн хөлбөмбөгчийн нэгд л тооцогддог байлаа. Харин 25 жилийн өмнө Баруун Германд болсон тэрхүү ЕАШТ-ий дараа Марко жинхэнэ од зэрэглэлд хүрсэн юм.
"Улбар шарууд" хэсгийн эхний тоглолтоо хүчирхэг ЗХУ-ын багтай хийж, 0:1-ээр дийлдсэн. Энэхүү тоглолтыг сэлгээний суудлаас эхлүүлсэн ван Бастен 59 дэх минутад Жеральд Мервин Ваненбургийн оронд талбай гарсан байдаг. Харин дасгалжуулагч Ринус Михельс Английн шигшээ багтай хийсэн хэсгийн хоёр дахь тоглолтод Марког үндсэн бүрэлдэхүүнд гаргасан нь нүдээ олсон шийдвэр байв. Учир нь 12 дугаартай довтлогч нь хет-трик хийж, "Улбар шарууд" эсцийн дүндээ 3:1-ээр ялалт байгуулсан билээ. "Гурван арслан"-гийн нэр төрийн ганц гоолыг багийн ахлагч Брайн Робсон оруулсан бол Английн домогт хаалгач Питер Шилтон тэр өдөр шигшээ багийнхаа төлөөх 100 дахь тоглолтоо хийж байжээ. Энэхүү тоглолтоор ван Бастен өөрийгөө үндсэн бүрэлдэхүүнд гарах бүрэн эрхтэйгээ тунхагласан нь гарцаагүй. Анхны ялалтаа байгуулсан Нидерланд улмаар Ирландыг 1:0-ээр ялснаар хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарсан юм.
1976-1992 оны ЕАШТ-д тус бүр найман баг өрсөлдсөн бөгөөд Нидерландын шигшээ багийн хагас шигшээгийн учраа нь хүчирхэг Баруун Герман байв. Энд бяцхан түүх сөхөхөд алтан зул цэцгийн эх орны баг немцүүдийг 1956 оноос хойш ялж чадалгүй явжээ. Энэхүү 36 жилийн хугацаанд 10 удаа тоглоход гурав тэнцэж, долоо хожигдсон бараан үзүүлэлттэй байв. Гэхдээ "Улбар шарууд"-ын "хар цуврал"-ыг Марко зогсоох учиртай байж. Лотар Матеус, Роналд Куман гэсэн гол тоглогчид нь тус бүр 11 метрийн торгуулийн цохилтоос гоол хийснээр тоглолт 1:1-ээр үргэлжилж байсан. Харин үндсэн цаг өндөрлөхөөс нэгхэн минутын өмнө ван Бастен гоолын дансанд нэрээ бичүүлснээр эх орондоо шигшээ тоглолтыг бэлэглэсэн юм.
Тэд ийнхүү ЗХУ-ын "Улаан машинууд"-тай түрүү булаалдахаар шалгарч үлдсэн. Хэсгийн тоглолтод хожигдсон хариугаа авах сайхан боломж биш гэж үү. Тухайн үед Мюнхен хотын "Олимпштадион" цэнгэлдэх хүрээлэнд цугларсан 72 мянган үзэгч дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэх гайхалтай гоолын гэрч болно гэж зүүдлээ ч үгүй явсан биз ээ. Торгуулийн талбайн баруун жигүүрт явсан ван Бастен багийн анд Арнольд Мюраны дамжуулалтыг нисэлтэн дунд нь цохиж, алдарт хаалгач Ринат Дасаевын хаалганы алсын буланд супер гоол оруулсныг мэдэхгүй хөлбөмбөгийн хорхойтон гэж үгүй биз ээ. Бичлэгээс харахад хэнбугай нь ч байсан энэхүү цохилтыг зогсоох боломжгүй байдаг. Ийнхүү хөлбөмбөгийн хүчирхэг гүрэн Нидерланд түүхэн дэх анхны бөгөөд одоогийн байдлаар сүүлчийн цомоо хүртэж, ван Бастен баатар болсон юм. Тухайн үед хүүхэд болгон "Улбар шарууд"-ын тоглогчид шиг болохыг мөрөөдөж, тэднийг даган дуурайдаг байв.
Алдарт "Аякс"-аас мэндэлсэн ван Бастен зөвхөн "Евро-88"-д гялалзаад алга болчихсонгүй. Тэрбээр "Милан"-д гайхамшигийг бүтээсэн бөгөөд 1989, 1990 онд "Аваргуудын цом" (Одоогийн "Аваргуудын лиг"), Европын супер цом, Тив хоорондын цомын тэмцээнд дараалан түрүүлж, 1988, 1992, 1993 онд Италийн аваргыг цолыг Супер цомтой нь хамж явлаа. Европын шилдэг хөлбөмбөгчөөр гурав, дэлхийн шилдгээр нэг удаа тодорсон нь ван Бастений нэрлэж баршгүй хувийн гуншингийнх нь тоймтой хэсэг нь. Хэрвээ энэхүү сод авьяастан хүнд бэртлийн улмаас 28 насандаа зодог тайлаагүй бол өшөө юуг ч бүтээгээ билээ.
Д.НАНЖИД

0 comments:
Post a Comment