
-Нацү башёд түрүүлснээр 25 дахь түрүүгээ авч, их аварга Асашёорюүгийн амжилттай эн зэрэгцлээ. Юуны өмнө танд баяр хүргэе.
-Баярлалаа. Та бүхэн намайг хэрхэн барилдсаныг минь харсан байх. 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржтой эн зэрэгцэхүйц 25 дахь түрүүгээ авлаа. Үүнээс гадна хоёр их аварга байгаа. Миний хүндэлж явдаг Тайхо аварга 32 удаа түрүүлж байсан. Рекорд амжилтад хүрэхэд надад долоон түрүү дутуу. Түрүүлнэ, заавал амжилт эвдэнэ гэж том зүйл хэлэхгүй. Гэхдээ нэг юм уу, хоёр түрүүгээр ойрхон очно гэдэгтээ итгэлтэй байна.
-Таныг Тайхо аваргын амжилтыг эвдэнэ гэдэг монголчууд итгэж байгаа шүү дээ?
-Хагас зууны туршид Тайхо аваргын амжилтыг эвдсэн сумоч байдаггүй. Хамгийн ойрхон очсон нь 31 удаа түрүүлсэн Чиёнофүжи аварга. Би өөрийгөө тэр хэмжээнд л очих байх гэж боддог юм.
-Монголдоо хэр удах вэ. Ямар ажлаар ирсэн бэ?
-Уг нь тав хоногийн чөлөөтэй. Гэвч эхний өдөр цаг агаарын байдлаар шалтгаалж онгоц маань нэг хоног саатсан. Ганц хоног ч болов нутгийнхаа агаар салхинд сайхан амраад, энерги авах сайхан шүү дээ. Гэхдээ яахав, сэтгэл өег байна. Өчигдөр хөдөөгөөр явлаа. Өвөрхангай аймгийн Хархорин, Нарийнтээл суманд цагаан будаа тариалах ажил эхлүүлж, будаа тариалах ажилд оролцоод ирсэн. Энэ ажлыг эхлүүлэхийн тулд монгол ажилтнуудыг Японы Хоккайдо мужидсургасан. Тэндхийн уур амьсгал, цаг агаар Монголтой төстэй учир хүйтэнд тэсвэртэй цагаан будааны тариалалт амжилттай болно гэж итгэж байгаа. Будаа тариална гэдэг чинь барилдахаас илүү хүч шаарддаг ажил байна. Хамаг бие хөндүүр болчихож.
-Гэр бүлийхэнтэйгээ хамт ирсэн үү. Хүүхдүүд тань том болж байна уу?
-Хүүхдүүд том, том. Энэ удаа ганцаараа ирлээ. Гэр бүлийнхэн маань ирээгүй.
-Ёкозуна Харумафүжи болон Монголын бусад сумочдын бэлтгэл хэр байна вэ. Дараагийн башёгийн бэлтгэлээ хангаж байна уу?
-Башё дуусаад удаагүй байгаа болохоор одоогоор бэлтгэл сургуулилтгүй, түр амралтын байдалтай байгаа. Амралтын хугацаа нь 7-14 хоног байдаг. Ирэх башё халуун башё болно. Энэ бөх сайн, тэр нь мундаг гэхээс илүү долдугаар сард халуунтай их тэмцдэг л дээ. Японд долдугаар сард их халуун байдаг.
-Харумафүжи аваргыг долдугаар сарын Нагоё башёд түрүүлэхгүй бол зодог тайлуулахаар тулгасан гэсэн мэдээлэл Японы хэвлэлүүдээр гараад байгаа?
-Гадаад бөх, дотоодын сумоч гэлтгүй аварга хүн унаж болдоггүй тийм л хариуцлагатай. Ёкозунагийн зөвлөлөөс Харумафүжид тийм шахалт өгсөн зүйл байхгүй гэж бодож байна. Нагоё башёд хэрхэн барилдахаас шалтгаалж хариу өгнө гэсэн.
-Гадаадад амьдарч буй монголчууд Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгнө. Бүртгэл явагдаад дууссан байгаа. Таны хувьд сонгуульдаа бүртгүүлж амжсан уу?
-Бүртгүүлж амжаагүй. Башё дуусах гээд амжсангүй. Өмнө нь Арлын орон гэдэг асар хол байлаа. Одоо бол "ойрхон" болсон шүү дээ. Наанадаж гэхэд л энэ бүхэн ардчиллын үр шим. Тэр утгаараа би ардчиллыг дэмждэг.
-Асашёорюү аварга саяхан Ардчилсан намд элссэн. Таныг бас намд элсэх нь үү гэсэн таамаг яриа гарсан байна...?
-Би аль нэг намын гишүүн биш. Их аварга, ард түмний бөх гэдэг утгаараа аль нэг урсгалд хамрагдахгүй, гэхдээ хувь хүнийхээ хувьд ардчиллыг дэмжиж явдаг.
Ш.ЧИМЭГ

0 comments:
Post a Comment