Tuesday, April 9, 2013

Г.Өсөхбаяр Норвегид бэлтгэлээ базааж байна

Хойд туйлд аялахаар өнгөрсөн бямба /04.06/ гаригийн өглөө замд гарсан Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр аяллынхаа талаарх эхний мэдээллийг ирүүллээ. Манай тамирчин Норвегийн хойд захын Лонгиэрбайн хотод бэлтгэлд гараад байгаа аж. Лонгиэрбайнд одоогоор манай тамирчны хамт нэг баг болон хойд туйлыг зорих эхний найман тамирчин ирээд байгаа бөгөөд англи, австрали зэрэг орны аялагчид багтжээ. Аялагч, уулчдын дийлэнх нь Seven summit-д авирах, хойд болон урд туйлд очих зорилготой хүмүүс байгаа гэнэ. Монголын уулчин Г.Өсөхбаярын хувьд Эверестийн оргилд хоёр удаа гарсан болон Хойд Америкийн ноён оргил Маккенли /өндөр 6195 метр/, Африк тивийн ноён оргил Килиманжаро, /өндөр 5895 метр/, Европ тивийн ноён оргил Эльбрус /өндөр 5642 метр/-ын оргилд гарсан амжилтаараа Хойд туйлын багт нэгдээд буй тамирчдаас гуравдугаарт орж байгаагаа хэллээ.

Г.Өсөхбаяр гавьяат одоо Лонгиэрбайн хотод дөрөв дэх өдрөө бэлтгэл сургуулилтаа базааж байгаа юм. Түүний хэлснээр цаг агаар төсөөлснөөс нэлээд хүйтэн, дунджаар шөнөдөө -30 хэм, түүнээс ч илүү хүйтэрч байгаа аж. Аяллын төлөвлөгөө ёсоор бол дөрөвдүгээр сарын 23-нд тэрээр аяллаа дуусгаж, Хойд туйлын 90 градуст хөл тавих юм.

Цэнхэр гаригийн цаст зулайд монгол хүн хөл тавих анхны аяллыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилсан бол Ерөнхий зохион байгуулагчаар Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Спортын бэлтгэлийн төв ажиллаж буй. Түүнчлэн "Мобиком" корпораци, "Мах импекс" компани, Өмнөговь аймгийн нутгийн зөвлөл энэхүү түүхэн аяллыг дэмжиж, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо аяллын турш мэдээллийн албан ёсны түншээр ажиллаж байгаа билээ.

Б.ЭНХ


0 comments:

Post a Comment