Sunday, July 21, 2013

Цомхон мөртлөө томхон “Их хурд-6”

Шигшмэл хурдан хүлгүүдийг шалгаруулах "Их хурд" уралдаан энэ жил зургаа дахь удаагаа Өвөрхангай аймгийн Хархорин суманд энэ сарын 20-нд боллоо. Монголын морин спорт, уяачдын холбоо анх 1995 онд байгуулагдаж, үйл ажиллагаагаа идэвхитэй явуулан анхлан бүсийн болон томоохон уралдаануудыг зохион байгуулж, харин 1998 онд монгол түмний шигшмэл хурдан хүлгийг шалгаруулах зорилгоор "Их хурд" уралдааныг эртний түүхт Хархорум нийслэл, хөгшин Орхоны хөндий, Харгантын хөтөлд зохион байгуулж байсан түүхтэй. Анхны уралдааныг зохион байгуулахаар санаа шулуудсан хүмүүс энд тэнд хүмүүстэй уулзаж явахад нь "бүтэшгүй санаа" гэсэн үгийг олон хүн хэлсэн байдаг. ММСУХ-ны зөвлөх, Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай, ММСУХ-ны хоёр дахь ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Монгол Улсын Алдарт уяач У.Буяндэлгэр нар энэхүү уралдааныг зохион байгуулахаар санаачилж, аймагуудын моринд хайртай, морь уядаг болгонтой холбогдсоноор анхны "Их хурд" өргөн дэлгэр, зохион байгуулалт өндөртэй болсон байдаг. Энэ үеэс л манай улсад морь ачих тухай ойлголт дэлгэрч, одоо бол уралдах морьдыг хөлөөр нь авч явах нь эрс цөөрсөн билээ. Анхны тэр уралдааныг "бүтэхгүй санаа", зохион байгуулагчдыг нь "тэнэг" хэмээж байсан ч тэд чадсан. Тийм ч учраас улсынхаа баяр наадамд хурдан морьдоо авч ирж уралдаж чаддаггүй алс аймгийн уяачид маань гурван жил тутамд болдог уг уралдааныг тэсэн ядан хүлээдэг болсон. Анхны "Их хурд" уралдаанд Алдарт уяач У.Буяндэлгэрийн алдарт "Жинст" хонгор азарга түрүүлж байсан бол Монгол Улсын Алдарт уяач Л.Лхүндэвийн "Чонон" хонгор морь их насны уралдаанд магнайдаа тоосгүй хурдалж байсан түүхтэй. Харин энэ уралдааны хоёр түрүүг "Монхангай" компаний захирал С.Сэргэлэн тухайн үед жаран ес машинаар байлж байлаа.



"Их хурд-6" уралдаан болохын урд орой Харгантын хөтөлд урлагийн цэнгүүн болсон. Уг цэнгүүнд Гавьяат жүжигчин Д.Батбаяр, "Өргөө", "Соёл-Эрдэнэ" хамтлагууд ирж ая дуугаа өргөн, наадамчин олонтой нэгэн оройг өнгөрүүлсэн юм. Хамтлаг, дуучдын дуулсан дуу нэг бүрийг үзэгч, наадамчин олон хоолой нийлүүлэн түрж, үзэгчдийн төлөөлөл ч гэсэн ая дуугаа өргөөд амжсан. Энэ үеэр "Их хурд-6" уралдааныг зохион байгуулах комиссын дарга, Тод манлай уяач, "Өргөө" хамтлагийн дуучин Ц.Батсайхан дуулсан нь үзэгчдийг хөөргөөд авсан. Тэрээр морь мал гээд дуу дуулахаа больсон ч аргагүй урлагийн замаар замнасан дуучин хүн гэдгээ нотлон харуулж байлаа. Цэнгүүний үеэр үзэгчдээр маргаашийн уралдаанд ямар, ямар морьд түрүүлэхийг таалгахад Өвөрхангай аймгийн харьяат нэгэн өвгөн, "Улс" халзан, улсын наадмын түрүү хүрэн морь хоёрыг түрүүлнэ хэмээн ам бардам хэлсэн юм. Шөнийн 23 цаг хүртэл дуулж, бүжиглэсэн наадамчин олон дор бүрнээ түрүү морьдыг сэтгэл дотроо тааварлан майханаа зорьсон. 



"Их хурд" уралдааны эхний дөрвөн удаагийн уралдаан Орхоны хөндийдөө болж байсан бол "Их хурд-5" Хүй мандалын ногоон дэвжээнд болсон юм. Харин энэ жилийн уралдаан мөнөөх л Орхоны хөндийдөө эргэн очлоо. "Их хурд" уралдааны хамгийн гол онцлог нь сүүлийн гурван жилийн дотор улс, бүсийн наадамд эхний ес, аймгийн наадамд айргийн тавд хурдалсан хурдан буянуудыг урилга, мандатаар оруулдаг юм. Энэ жилийн уралдаан нэлээд хэдэн аймгийн тэгш ойтой давхцсан учраас тооны хувьд цөөн морьд уралдсан. Гэлээ гэхдээ энэ уралдаан бол тоо бус чанарыг чухалчилдаг учраас наадамчин олон "томхон" уралдаан болж байгааг онцлож байлаа. "Их хурд-6" уралдаанд түрүүлж, айрагдах нь гарцаагүй хэмээн итгэж найдсан морь, уяач хоёр л ирж оролцсон гэхэд болно.

Долдугаар сарын 20-ны өглөө Харгантын хөтөлөөс хөдөлж, Азарын толгойг тонгойход газар, газрын нийт 54 азарга гарааны төхөөрөмжид орсон юм. Нийт 22 километрийн зайнаас уралдах азарганы уралдаан нэгэн дохиогоор эхлэхэд сүүлийн гурван жил дараалан төрийнхөө баяр наадамд магнайдаа тоосгүй хурдалсан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Манлай уяач Д.Бат-Эрдэнийн "Улс" халзан азарга өнгөлж эхэлсэн. Гарааны зурхайгаас хөдөлсөн цагаас хойш халзан азарга урдаа морь гаргалгүй хурдалсаар тавилангийн үзүүр дээр тарлаж, улам тасран тод магнай, торгон жолоо өргүүллээ. Ийнхүү "Их хурд" уралдаанд халзан азарга түрүүлсэнээр энэ цагийн эгэлгүй хурдан ажнай гэдгээ дахин нотлон харууллаа. "Улс" халзан азарганы уяа сойлгыг Манлай уяач Б.Бат-Өлзий тааруулдаг билээ. Харин энэ удаагийн уралдаанд халзан азаргыг тодорхой шалтгааны улмаас мордуулахгүй байхаар болсон байсан ч Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Тод манлай уяач С.Ганхуяг "Энэ хүртэл авч ирж, өдий болтол уяа сойлгыг нь хийчихээд мордуулахгүй байна гэж болохгүй" хэмээн зөвлөсний дагуу уралдуулж ийнхүү түрүүлгэсэн юм. Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Д.Сугарын хул, айргийн гуравт Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Б.Батбаярын хул, дөрөвт Баянхонгор аймгийн Баянцагаан сумын харьяат Д.Баяраагийн хонгор хурдалсан бол айргийн тавд Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайханы бор азарга хурдаллаа.



Харин их насны уралдаанд гарааны зурхай руу 74 шигшмэл морь хөдөлсөн бөгөөд 24 километрээс уралдсан юм. Морьд гараанаасаа гарахад ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболдын ногоон морь өнгөлж байлаа. Харин түрүүлэх нь гарцаагүй, айрагдах ёстой хэмээн наадамчдын тааварлаж байсан Х.Бат-Эрдэнийн хүрэн, С.Ганхуягийн бор морь зэрэг морьд эхний хорь дотор ч алга л байлаа. Энэ янзаараа уралдаан үргэлжилж, морь тайлбарлагч барианд ороход дөрөв орчим километр үлдсэнийг дуулгахад Х.Бат-Эрдэнийн хүрэн морь араас туулсаар гэнэтхэн хоёр дээр гарч ирсэн юм. Харин тавилангийн үзүүр дээр морьд орж ирэхэд хүрэн морь тарлаж, аргагүй хурдан гэдгээ нотлон харуулж "Их хурд-6" уралдааны их насанд түрүүлсэн. Харин Тод манлай уяач С.Ганхуяг сүүлийн дөрвөн жил дараалан улсын наадамд айрагдаад байгаа бор морио газрын дундаас татсан юм. Ингэснээр их насны уралдаанд улсын наадмын эхний дөрвөн морь орж, айргийн тавд С.Ганхуягийн бор морины оронд Ц.Бат-Энхийн хүрэн морь айргийн тавд хурдалсан. Аман хүзүүнд Б.Ерөөлтийн хүрэн халзан, айргийн гуравт Ц.Энхтайваны хонгор халзан, айргийн дөрөвт Б.Амарбаясгалангийн хүрэн халзан морь хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгасан юм. Мөн их насны айргийн таван морины гурвыг нь Аймгийн алдарт уяач Т.Ихбаяр уяж хурдлуулсан нь "Их хурд"-ын түүхэнд байгаагүй сайхан амжилт боллоо. Мөн Тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ хүрэн морио мордуулж байхдаа өглөө нь уяан дээрээсээ алтан зоос олсон нь цаанаасаа морины цагаан хийморь харж, хүрэн морь түрүүлэх нь гарцаагүй байсан мэт. Азарга, их насны түрүүг 2011 оны "Ланд крузер 200" машинаар байлсан бөгөөд айргийн морьдыг 10-30 сая төгрөгөөр мялаасан юм. Ийнхүү Монгол орны төв цэг, эртний түүхт Хархорум нийслэл, Орхон түшээ мөрний хөндий, Харгантын хөтөлд газар газрын шигшмэл хурдан морьд, моринд хайртай ард олон хуран цугларч энэ цагийн үеийн шигшмэл хурдан ажнайг тодрууллаа. Архангай аймгийн Хашаат сумаас босч Өвөрхангай аймгийн Хархорин сумын Харгантын хөтөлд намдсан "Их хурд-6" уралдааны хурдан морьдын босоо цагаан тоос та бүхнийг өнө мөнхөд ивээж байг ээ.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ






0 comments:

Post a Comment