Оюутны "Универсиад" 27 дугаар наадам 2013 оны долдугаар сарын 6-17-ны өдрүүдэд ОХУ-ын Казань хотноо Олон улсын оюутны спортын холбооны (ОУОСХ) ивээл дор болох гэж байна. Наадамд тив, тивийн 200 орчим орны их, дээд сургуулийн өдрийн ангид суралцдаг 17-28 насны 13,500 төлөөлөгч, оюутан тамирчид спортын 22 төрөлд, 11 өдрийн туршид 351 багц медалийн төлөө хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдөх юм.
Их наадмын үеэр буюу ирэх сарын 1-2-ны өдрүүдэд ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны хурал, 3-4-нд Ерөнхий Ассамблейн их хурал тус тус болох юм. Ерөнхий Ассамблейн их хуралд дэлхийн 163 орны Үндэсний ОСХ-ны удирдлагууд оролцож, тухайн байгууллагын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэнэ. Харин ОУОСХ-ны эрдэм шинжилгээний их хурал долдугаар сарын 14-17-ны өдрүүдэд Казаний их сургууль дээр явагдах бөгөөд хурлын ерөнхий сэдэв нь "Оюутны спорт ба олимпийн спорт: Хоёр загвар-Нэг зорилго" нэрийн дор үргэлжлэх аж. Эрдэм шинжилгээний их хуралд 50 гаруй орны 450 эрдэм шинжилгээний илтгэл ирүүлсэн ба үүнээс 160 илтгэлийг 8 салбар хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн бусад илтгэлийг ханын самбарт байрлуулж, олон нийтэд сурталчлан мэдээлэх юм байна.
Монголын оюутны спортын холбоо

0 comments:
Post a Comment