Sunday, April 7, 2013

Шатрын УАШТ үргэлжилж байна

Шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 53, эмэгтэйчүүдийн 45 дахь тэмцээн өчигдөр Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Гурван өргийн дараах байдлаар их мастер Ц.Батчулуун, ФИДЕ мастер М.Гүнбаяр, их мастер Б.Гүндаваа нар гурван хожилтой тэргүүлж байна. Харин эмэгтэйчүүдийг өсвөрийн шатарчдын дэлхийн аварга Д.Номин-Эрдэнэ гурван оноотой тэргүүлж байгаа бол спортын мастер С.Сарантунгалаг, Г.Баярмаа, дэд мастер Б.Билэгжаргал нар 2,5 оноотой удаалж байна.Нийт 13 өрөг тоглож аваргуудаа тодруулах тус тэмцээн энэ сарын 14-нд өндөрлөнө1947 оноос эхлэлтэй уг тэмцээний анхан шатанд Монголын шатрын холбооны рейтингээр 2050-иас доош чансаатай 100 гаруй шатарчин өрсөлдөж 25 нь хагас шигшээд шалгарсан. Харин хагас шигшээ шатанд аймаг бүрийн аваргууд болон 2050-иас дээш чансаатай шатарчид түүн дээр анхан шатны тэмцээнээс эрх авсан 25, нийт 70 шатарчин оюунаа уралдуулж эхний зургаан байрт шалгарсан ФИДЕ мастер У.Насанжаргал, С.Билгүүн, Ц.Лхагвасүрэн, спортын дэд мастер П.Батжанцан, Х.Баярхүү, Э.Болдоо нар шигшээд оролцох эрхтэй болсон. Шигшээд шууд оролцох эрхтэй найман шатарчин нь их мастер Б.Хатанбаатар, Д.Шаравдорж, Ц.Батчулуун, Б.Гүндаваа, мөн олон улсын рейтингээрээ манлайлж буй олон улсын мастер Б.Мөнгөнтуул, Н.Баттулга, ФИДЕ мастер Г.Мөнхгал, М.Гүнбаяр нар юм.

Харин эмэгтэйчүүдийн хувьд сонирхогчдын дэлхийн аварга, ФИДЕ мастерБ.Ану, өсвөрийн шатарчдын дэлхийн аварга Д.Номин-Эрдэнэ, спортын мастер С.Сарантунгалаг, Ө.Нямтуяа, Б.Баярмаа, Г.Баярмаа, дэд мастер Э.Хулан, Б.Билэгжаргал нар шигшээд өрсөлдөж байна. Их мастер Т.Батчимэг, олон улсын мастер Б.Анхчимэг, Д.Янжиндулам, ФИДЕ мастер У.Лхамсүрэн, Ц.Мөнхчулуун, Ш.Батцэнгэл нар шууд оролцох эрх авсан. Москва хотод сурч буй ФИДЕ мастер С.Отгонжаргал, олон улсын мастер А.Энхтуул нар энэ жилийн улсын аваргад оролцох боломжгүй болжээ.

Тэмцээний үеэр 1-р сургуулийн 10-р ангийн сурагч, спортын мастер С.Билгүүний сэтгэгдлийг сонслоо.

-Энэхүү тэмцээнд оролцох эрхээ хэрхэн авсан бэ?

-Хагас шигшээ тоглолтод нийт 11 өрөг тоглосоноос 7 оноо авч дөрөвдүгээр байрт шалгарснаар шигшээ тэмцээнд оролцох эрх авсан. Насанд хүрэгчдийн тэмцээнд анх удаа оролцож байна.

-Өөрийнхөө амжилтаас дурдвал.

-Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн аварга. Насанд хүрэгчдийн сонирхогчдын ДАШТ-нд түрүүлсэн. Мөн сурагчдийн Азийн АШТ-нд түрүүлсэн. Дэлхийн шатрын холбооны мастер цолтой.

-Тэмцээний залуу оролцогчийн хувьд тоглолтууд хэр өрнөж байна.

-Хоёр өргийн дараах байдлаар нэг хожил, нэг хожигдолтой явна. Эхний өргөө дэд мастер Э.Болдоотой хийж хожсон байгаа. Өнөөдөр /өчигдөр/ их мастер Б.Гүндаваатай тоглож хожигдлоо. Би 16 настай оролцож байгаа бол спортын дэд мастер Э.Болдоо тоглож байна. Мөн эмэгтэйчүүдэд 13, 16 настай охидууд тоглож байгаа. Нийт шатар сонирхогчдоо хандаж хэлэхэд улсын аваргын сонирхолтой тоглолтуудыг ирж үзээрэй гэж хэлмээр байна даа. 

Ч.БОЛ

0 comments:

Post a Comment