"Хойд туйлын аялал ууланд авирахаас огт өөр"

-Нэлээд эрт л Хойд туйл руу аялах талаар ярьж байсан. Гэтэл одоо явах цаг нь тулсан байна. Хэр их сэтгэл хөдөлж байна вэ?
-Маш их хөдөлж байна. Удаан хөөцөлдсөний эцэст Хойд туйл руу явах аялал маань бүтлээ. Үүнд ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн туслалцаа маш их байгааг би онцгойлон хэлмээр байна. Мөн ССАЖЯ-ны харьяа Спортын бэлтгэлийн төв болон тус төвийн захирал Б.Наранбаатарын хувь нэмэр ч их орсон. Хэдийгээр сэтгэл хөдөлж байгаа ч үүнийгээ дарах ёстой. Энэ бол тамирчин хүн бүр байх ёстой зарчим гэж боддог.
-Тэгвэл таны сэтгэлзүйн бэлтгэл сайн байгаа гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Тэгж ойлгож болно. Сэтгэлзүйгээ нэлээд эртнээс бэлдсэн. Хойд туйл руу явах нь ууланд авирахаас тэс өөр зүйл учраас өөрийгөө нэлээд бэлтгэсэн.
-Аливаа томоохон үйл явдал болохоор догдлоод нойр хүрдэггүй шүү дээ. Таных яаж байна вэ?
-Ер нь бол дажгүй шүү. Би угаасаа ихэвчлэн орой унтдаг. Тийм болохоор яг л унтдаг цагтаа унтаж байна.
-Бэлтгэл сургуулилтын талаар сонирхмоор байна. Хөвсгөл, Улаанцутгалан, Туул гол гээд сонирхолтой газруудад бэлтгэлээ хийжээ. Үр дүн нь ямар гарах бол?
-Дэлхийн хамгийн хүйтэн цэгт очих гэж байгаа учраас гол, усны жавар дагаж бэлтгэл хийсэн. Дугуй, цанаар явлаа. Бас хажуугаар нь дугуй чирж алхсаныг та бүхэн харсан байх. Нэг ёсондоо хүчний болон биеийн бэлтгэлээ хийсэн гэсэн үг л дээ. Уулчин хүн аль болох тухайн газар орныхоо нөхцөлд тааруулж бэлтгэл хийдэг. Түүнээс гадна анх удаа явах гэж байгаа болохоор зарим хүнээс зөвлөгөө авч байна.
-Дөрөвдүгээр сард явж байгаа гол шалтгаан нь юу вэ?
-Хойд туйлын хамгийн дулаахан улирлах нь юм билээ. Манайхаар бол зуны улирал нь дөрөвдүгээр сард болдог гэсэн. Тийм учраас энэ сарыг сонгож авсан. Тэндхийн цаг агаарын хамгийн дулаан температур нь л гэхэд -30-35 байдаг гэсэн судалгаа хийсэн байгаа. Магадгүй 20 хоногийн аяллын хугацаанд цаг агаар яаж ч өөрчлөгдөж болно. Түүнийг би таашгүй.
-20 хоног аялахдаа баазуудаар байрлах уу, эсвэл майханд уу?
-Нийт аяллын хугацаанд майхандаа хоноглоод л явна. Өдөр болохоор майхангаа хурааж үүрээд л… Ер нь бол адал явдалт спорт аялагчид яаж явдаг яг л тэр замаар явна. Олон адал явдалтай учрах болов уу. Яг хойд туйлын аялал маань 110 км үргэлжилнэ. Энэ замыг 7-10 хоногт багтаан туулах төлөвлөгөөтэй байгаа. Тэр бүх хоногийг л майханд өнгөрүүлнэ дээ.
-Аяллаа хэрхэн төсөөлж байна вэ?
-Төсөөлсөн зүйл алга. Аялал ямар болсныг, замд юу тохиолдсоныг ирж байгаад л дэлгэрэнгүй сайхан ярьж өгнө өө.
-Өөртөө хэр итгэлтэй байгаа вэ?
-Мэдээж би өөрийн гэсэн зорилготой байгаа. Тиймээс Хойд туйлын 90 цэгт Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж чадна гэдэгт 100 хувь итгэлтэй байна.
-Бэлтгэл сургуулилт, аяллын төлөвлөгөө гээд толгой өвтгөсөн асуудал их байсан байх. Ер нь хүндрэл их гарав?
-Хамгийн хэцүү, бэрхшээлтэй асуудал нь санхүү байлаа. Харин одоо санхүүгийн асуудлаа шийдсэн болохоор толгой гашилгах зүйл алга. Бэрхшээл ч харьцангуй гайгүй байна. Зөвхөн аяллаа л бодож байна.
-Аялалд хэчнээн хэмжээний мөнгө зарцуулах тооцоо гарсан бол?
-Нуух юу байх вэ. 80 мянга орчим ам.доллар зарцуулах төлөвтэй байна. Яагаад гэвэл энэхүү аялал маань нэлээд өртөг өндөртэй. Зөвхөн энэ аялалд зориулж би бүх техник хэрэгслээ шинэчилсэн. Ууланд авирахдаа өмсч байсан бүх хувцсаа орхиж байна. Ууланд авирах биш мөсөн туйлд аялах учраас тухайн аялалдаа зохицсон шинэ технологийн хувцас хэрэглэл авсан.
-Аялагчдын хоол хүнс спорт сонирхогчдын анхаарлыг ихээр татдаг л даа. Таны хувьд Хойд туйлд ямар хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх вэ?
-Би ганцаараа биш олон орны аялагчидтай цуг явна. Тийм учраас тэднээс үндэсний үйлдвэрийнхээ брэндээр ялгарна гэж бодож байгаа. Аяллын турш үндэсний үйлдвэрлэлээ л дэмжинэ. Үүгээрээ дамжуулаад эх орноо гадны аялагчдад сурталчлах зорилгыг давхар өвөртөлсөн. Намайг аялах хугацааны хоол хүнсийг "Мах импекс" даахаар болсон. Хэдийгээр эх орноосоо хол байх боловч гэр бүл, найз нөхөд, хэвлэл мэдээллийнхэнтэйгээ ойр байж, байнга холбоотой байх эх үүсвэрийг "Мобиком" корпорацийн хамт олон хангаж байна. Яагаад гэвэл хаана ч явсан холбогдох "Иридиум" холбооны утсыг надад өгсөн. Энэ мэтчилэн нэг хүний аялал маш олон хүний тус дэмээр бүтдэгийг миний аялал харуулж байгаа юм. Мөн Монголын спортын сэтгүүлчид маань ч гэсэн миний аяллын бас нэг ивээн тэтгэгч шүү дээ.
"СПОРТЫН ШУУДАН"

0 comments:
Post a Comment