Saturday, July 20, 2013

Хакүхогийн амжилтыг Кисэносато зогсоолоо

Мэргэжлийн сумогийн Нагоя башё өндөрлөхөд нэг даваа үлдлээ.

"Aichi Prefectural Gymnasium" ордонд болж буй долдугаар сарын башёд түрүүлэх болзлоо өчигдөр хангасан их аварга Хакүхо озэки Кисэносатотой өнөөдөр оноолт таараад байсан бөгөөд Кисэносато ялалт байгуулнаар 11 даваатай боллоо. Мөн тэрбээр өнгөрөгч гуравдугаар сараас хойш унаагүй явсан их аварга Хакүхогийн давааг зогсоолоо. Хэрэв Хакүхо Кисэносатог давсан бол тасралтгүй 44 дэх ялалтаа авах байсан юм. 69 дэх их аварга Хакүхо сумогийн башёд 26 дахь удаагаа түрүүлж, 68 дахь их аварга Д.Давгадоржийн амжилтыг эвдэж, түүхэн амжилт үзүүлсэн Чиёнофүжи 31, Тайхогийн 32 түрүүгийн ард гуравдугаарт бичигдэж эхэллээ.   

Озэки Кисэносатогийн хувьд 11 даваа, гурван унаатай байгаа бөгөөд тэрбээр маргаашийн барилдаанд Котошёогикүг давбал ирэх сард ёкозүна цолны төлөө барилдах эрхээ хэвээр үлдээх юм. Учир нь энэхүү башё эхлэхийн өмнө түүнд түрүүлээгүй байсан ч 13-аас дээш даваа авбал ёкозүна цол олгох талаар ярилцана гэж байсан боловч тэрбээр эхний өдрүүдэд гурван унаатай болж ирсэн. Гэсэн сүүлийн өдрүүдэд аварга, арслангуудтай барилдаж, давааны тоогоо нэмбэл ирэх есдүгээр сарын барилдаанд ёкозүна цолны төлөө барилдах эрх нь нээлттэй гэдгийг мэдэгдээд байгаа. Өчигдөр ёкозүна Харүмафүжиг, өнөөдөр Хакүхог унагаагаад байна.

Өнөөдөр ёкозүна Харүмафүжи Котошёогикүг давснаар есөн даваатай боллоо. Сүүлийн өдрүүдэд унах эрхгүй байсан Харүмафүжи өчигдөр озэки Кисэносатод ялагдсан ч өнөөдөр Котошёогикүг давж, давааны тоогоо ахиуллаа. Харүмафүжи Хакүхо нарын хувьд маргаашийн барилдаанд учраа таараад буй.

Ёкозүна Харүмафүжи гурав дахь өдөр Такаясүд, найм дахь өдөр Чиёотайрюүд, ес дэх өдөр Миёогирюүд унаад байсан бөгөөд ёкозүна цолтой олон унах нь байж боломгүй асуудал гэж яригдаж эхэлсэн. Гэсэн ч тэрбээр өчигдөр Кисэносатод унасныг эс тооцвол Сумогийн холбооны зэмлэлээс түр атугай холдож буй. Сумогийн холбооны дүрмээр ёкозүна цолтон олон унаж байгаа үед цолыг нь хураахаас бус шууд зодог тайлуулдаг журамтай аж. Тиймээс 70 дахь аваргын хувьд маргаашийн барилдаанд Хакүхог давж, давааны тоогоо нэмэх учиртай юм.

Манай бусад бөхчүүдийн тухайд Какүрюү М.Ананд, Шёотэнро Д.Нямсүрэн нар есөн даваа, таван унаатай /9-5/, Токитэнкү А.Хүчитбаатар 4-10, Тамаваши Б.Мөнх-Оргил 5-9, Кёкүтэнхо 5-9 гэсэн амжилттай явна.

Ч.БОЛ

0 comments:

Post a Comment