"Идэвхтэй хөдөлгөөн-Эрүүл мэнд" өдөрлөг өндөрлөлөө
Зүүн бүсийн "Идэвхитэй хөдөлгөөн-Эрүүл мэнд" өдөрлөг Сүхбаатар аймагт болжээ. Энэ үеэр бүх нийтийн гүйлт, ажлын байрны дасгал, хийн дасгал, сорил авах арга хэмжээг зохион байгуулж, 500 гаруй иргэн оролцлоо. Сүхбаатар аймгийн Биеийн тамир, спортын газар Хүн амын дунд эрүүл чийрэг, спортын идэвхитэй хөдөлгөөнийг тогтмолжуулах ажлыг зохион байгуулан өглөө бүр 2.5 км гүйж байгаа аж. Энэ нь аравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна. Гүйлтэд оролцогчдод хоёр төрийн бус байгууллага, нэг төрийн байгууллага хамтран сүү болон витаминжуулалтаар хангах гэнэ.
Хангайн бүсийн "Идэвхитэй хөдөлгөөн-Эрүүл мэнд" өдөрлөгийг Өвөрхангай аймагт зохион байгуулсан. "Идэвхитэй хөдөлгөөн- Эрүүл мэнд" өдөрлөгт 27 байгууллагын 500 орчим хүн оролцов. Уг өдөрлөг Арвайхээр хотын Соёл амралтын хүрээлэнд өглөөний 06.00 цагт бүх нийтийн гүйлтээр эхэлж, сунгалтын дасгал, идэвхтэй хөдөлгөөн, ажлын байранд хийх дасгалыг хийснээс гадна бие бялдар чийрэгжилтийн төвшин тогтоох сорил өгсөн байна.
Баруун бүсийн "Идэвхтэй хөдөлгөөн- Эрүүл мэнд" өдөрлөгийг Увс аймгийн Улаангом хотын төв талбайд зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд аймгийн Засаг даргын тамгын газар идэвхийлэн оролцож өглөөний 06.00 цагт маршал Ю.Цэдэнбалын талбайд бүх нийтийн дасгалаар эхлэв. Өдөрлөгт 600 гаруй идэвхтэн оролцсон бөгөөд 30 минутын турш идэвхтэй хөдөлгөөн, ажлын байранд хийх дасгалыг хийжээ.
Увс аймгийн Биеийн тамир, спортын хүн амын эрүүл чийрэг, биеийн тамир, спортын идэвхитэй хөдөлгөөнийг тогтмолжуулах ажлыг Аймгийн засаг даргын тамгын газар, Биеийн тамир спортын газар, Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасаг, III цэцэрлэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, цагдаагийн газар зэрэг байгууллагууд өглөө бүр 5:30-6:30 алхалт, гурван км гүйж, дасгал хийж "Өөртөө тусал" өглөөний алхалт, нийтийн гүйлтийг тогтмол зохион байгуулж байгаа ажээ.
Төвийн бүсийн "Идэвхтэй хөдөлгөөн- Эрүүл мэнд" өдөрлөг Дархан-Уул аймгийн Залуучууд театрын талбайд болжээ. Энэхүү арга хэмжээнд 50 гаруй байгууллагын
1000 ажилтан, албан хаагч оролцон ажлын байранд хийх дасгал, хийн дасгалыг хийж олон нийтэд суртачиллаа.
"СПОРТЫН ШУУДАН"
Иргэдийн их наадам болно
Нийтийн биеийн тамирыг сурталчлах зорилгоор Сүхбаатар дүүргийн аж ахуйн нэгж, иргэд өдөрлөг зохион байгуулав. "АСА" циркийн өмнөх талбайд болсон энэхүү арга хэмжээнд тус дүүргийн 20 хорооны 100 гаруй иргэн оролцжээ. Өдөрлөгт ахмадуудын хийн дасгал, Монголын хүүхдийн ордны спорт бүжгийн үзүүлэх тоглолт, Биеийн тамирын дээд сургуулийн оюутнуудын аэробек болон тус дүүргийн Биеийн тамирын мэргэжилийн сургалттай дунд сургуулийн хүүхдүүдийн үзүүлэх тоглолт хийв. Мөн оролцогчдын дунд дартс шидэх болон "Гурвын эсрэг гурав" сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулжээ. Сонирхуулахад, Ирэх сард есөн дүүргийн спорт хороо хамтран сагсан бөмбөг, волейбол, ширээний шагай, олс таталт зэрэг төрлөөр хоёр жилд нэг удаа болдог "Иргэдийн спортын их наадам"-ийг зохион байгуулах аж.
М.ЖАРГАЛ
"СПОРТЫН ШУУДАН"
Моуриньо "Челси"-д ирээд анхны ярилцлагаа өгчээ
Испанийн эзэн хааны багийг удирдаж байсан Жозе Моуриньо ирэх улирлаас "Челси"-д дасгалжуулахаар болж байна. Тэрээр өмнө нь энэ багийг удирдаж багагүй амжилтад хүргэсэн бөгөөд дахин "Челси"-д ирж байгаадаа баяртай байна хэмээн ярьжээ. Дөрвөн жилийн гэрээ байгуулсан тэрээр Лондоны багт ирсэнийхээ дараа анхны ярилцлагаа "Chelsea tv"-д өгсөн байна. Тэрээр ярилцлагадаа Абрамовичийг "Босс" гэж хэд хэдэн удаа онцолсон аж. Цагтаа Абрамовичтой сөргөлдөж, багаа орхиход хүрсэн Жозе одоо хэн нь эзэн болохыг бүрэн ойлгож буйгаа ярилцлагаараа ийнхүү илэрхийллээ гэж мэргэжилтнүүд ярьж байна. Тэрээр багтаа ирсэн талаараа ярихдаа "Би ч, баг ч одоо юм үзэж, нүд тайллаа. Тэгэхээр дахиад гэрлэхэд бид бэлэн болжээ" хэмээн хошигножээ.
"СПОРТЫН ШУУДАН"

0 comments:
Post a Comment